УЛАМЖЛАЛТЫН ЭМЧ НАРЫГ ЭКСПОРТОД ГАРГАЯ
Уламжлалт анагаах ухаан судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн толгойлон хийж, уламжлалт эмийн найман үйлдвэр манайд бий. Мөн уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн долоон их, дээд сургууль байгаагаас нэг нь төрийн, үлдсэн зургаа нь хувийн сургуулиуд юм. Эдгээр сургуульд 1500 оюутан суралцахын зэрэгцээ БНХАУ–ын ӨМӨЗО–ны Хөх хот, Тунляо хотод байдаг Монгол анагаах ухааны их, дээд сургуульд 200 шахам оюутан, магистрант, докторантууд сурч байна. Жилдээ 10-15 магистр, 2-4 доктор төгсөж байна. Одоо энэ их нөөцийг яах вэ. Хэрхэн оновчтой ашиглах вэ. Гурван сая хүнтэй улсыг эдийн засгийн онолын хувьд зах зээл гэж үзэхэд хэцүү. Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн байгалийн баялгийг нь сорохыг л бодно. Дотоодын үйлдвэрүүд нь цөөхөн хүнд зориулсан бүтээгдэхүүн хийдэг болохоор өртөг өндөртэй. Тиймээс тусгаар тогтносон, том нутагтай, цөөн хүн амтай улс эдийн засгийн хувьд төрийн ухаалаг бодлого баримтлахгүй аваас бусдын хараат байна аа л гэсэн үг. Өнөөдөр урд эсвэл хойд хөршид үүсэх эдийн засгийн жижигхэн доргио бидэнд цохилт болж ирсээр л байна. Үүний зэрэгцээ дотоодод ч бас л асуудал үүснэ. Жишээлбэл, таван жилийн дараа уламжлалт анагаах ухааны эмч нарт дотооддоо ажлын байр олдохгүй болно. Энэ олон зуун их эмч нарыг яах вэ гэхээр ламжлалтын эмч нарыг экспортод гаргах хэрэгтэй. Монголын уламжлалт анагаах ухаан бол өөр ямар ч үндэстэнд байдаггүй “цор ганц” анагаах ухаан. Үүнийг бид яагаад бусдын эрүүл мэндийн тусын тулд түгээж болохгүй гэж. Эмчээ дагаад, эм, эмчилгээний технологио гаргана. Ингэснээрээ эдийн засгийн хувьд ашиг олно. Үүний тулд эхлээд зөв бодлого хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны бодлого боловсруулдаг газар, эсвэл хэлтсийг ЭМЯ–нд байгуулахаас бүх ажил эхэлнэ гэж боддог.
No comments:
Post a Comment